Хогоо ангилж хаях зориулалтын савтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-03 14:15:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 онд шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаях, хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг хүүхдүүдэд багаас нь олгох зэрэг нэмэлт өөрчлөлтүүд орсон. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 сая төгрөгийн санхүүжилтээр хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалттай хогийн савыг орон нутагтаа үйлдвэрлэж, зохих газруудад нь байрлуулахад бэлэн болжээ.

Хогийн савыг Баруун-Урт сумын Гуравдугаар багийн иргэн, төмрийн дархан П.Эрдэнэцогт хийжээ. Тэрээр 40 гаруй жил төмрийн дархан хийж байгаа бөгөөд өөрийн хийсэн хогийн савандаа 10 жилийн баталгаа өгч байгаа аж.

“Хогийн саваа бид зориулалтын бэлэн сав худалдаж авахыг хүсээгүй. Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээ дэмжих замаар дотооддоо үйлдвэрлэсэн байгаа. 29 ширхэг жижиг, найман том гээд нийт 37 ширхэг хогийн сав хийлгэсэн. Том хогийн савнуудаа Улаанбаатар хот болон сумдруу гардаг уулзвар замуудын дэргэд, жижиг савуудаа нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулахаар төлөвлөөд байна. Цаашид хогийн савыг Сүхбаатар тохижилт ОНӨҮГ хариуцаж ажиллана. Ер нь манай аймаг хогийг ангилан ялгах хогийн сав ашиглаж байгаагүй. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил. Хог боловсруулах үйлдвэртэй болохын өмнө эхлээд бид хогоо ангилан ялгаж, хаяж сурах хэрэгтэй. Нөгөө талаар иргэд нийтийн эд зүйлсд ариг гамгүй ханддаг. Ийм байдлыг битгий гаргаасай гэж хүсэж байна” гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Түмэнжаргал хэллээ.
 
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн БОАЖГ-аас орон нутагтаа хог хаягдлын дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа аж.
Т.Одончимэг
関連ニュース