Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 53 иргэний төслийг дэмжиж санхүүжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-27 12:49:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 35-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч 62 иргэний бизнес төслийг хүлээн авсан байна. Үүнээс 54 иргэний төслийн үйл ажиллагаатай танилцан, 53 иргэний төслийг  шалгаруулан 159 сая төгрөгийн санхүүжилт олгож, байнгын ажлын байраар хангажээ.
 
Энэ жил ямар нэг чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн болзол тавиагүй учраас өрхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа сүү, цагаан идээ, модон эдлэл, эсгий, ноосон бүтээгдэхүүн, талх нарийн боов гэх мэтчилэн олон төрлийн төслүүдийг дэмжсэн хэмээн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Х.Батжаргал ярилаа. Харин зээлдэгч нар авсан зээлээ хүүгүйгээр хоёр жилийн хугацаанд эргэн төлж дуусгах юм байна. 

Мөн аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах ажлын хүрээнд “Оргил тус” сургалтын байгууллагатай хамтран “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтад 36 иргэнийг хамруулж,  сая гаруй төгрөг зарцуулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.
 
Б.Гэрэлт-Од
関連ニュース