“Нарны алхалт” эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-07 10:16:44
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Оролцоот нийгмийн эрүүл мэнд” аяны хүрээнд Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдыг нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэн, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжих зорилгоор “Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая-Нарны алхалт” нэг сарын аяныг энэ сарын 02–ноос эхэллээ.

Ирэх сарын 02 хүртэл үргэлжлэх уг аяны нээлтийг нутгийн захиргааны ордны урд Г.Дэмид жанжны талбай дээр хийж, төрийн 53 байгууллагын 700 гаруй ажилтан албан хаагч оролцсон байна. Тэд өглөө бүр Г.Дэмид жанжны талбай-Бурхан багшийн сэрэг дүр-Жамганы булаг-Г.Дэмид жанжны талбай гээд нийт 10 км газар алхаж, дасгал хөдөлгөөн хийх юм.

Алхалтын үеэр ажилтан, албан хаагчдад дасгал хөдөлгөөний ач холбогдол болон ажлын байран дээр дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг уриалж, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд “Ажлын байранд хийх дасгал”-аар үзүүлбэр тоглолт хийсэн банйа.
Б.Гэрэлт-Од
関連ニュース