Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Архангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-28 12:05:03
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар Сайдын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шуурхай бүлэг” томилох тухай 09 дүгээр тушаалаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг тус аймагт гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссыг хуралдуулж, Өгийнуур, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцаж, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өвчин гарсан сумдад аймгийн Онцгой комиссын гишүүд, УОК-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж, дараах үүрэг чиглэлийг өгч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Тухайлбал, Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат сумдад хяналтын постыг нэмэх, халдваргүйтгэлийг чанартай хийх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож уялдаа холбоотой ажиллах, голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийг сайжруулах, “Тамир” зуслангийн хүүхдүүд болон элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь олгох асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэж хүүхдүүдийг аймгийн төв рүү мэргэжлийн байгууллагын хяналт дор халдваргүйтгэлийг чанартай хийж, нэвтрүүлж гаргах, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн шүлхий өвчний вакциныг өвчний эрсдэл өндөр бүс нутагт хуваарилалтыг зөв хийж, стандартын дагуу шуурхай зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

Мөн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд хадлан, тэжээлийн талбайг эртнээс сонгох, бэлтгэл ажлыг хангах үүргийг өглөө.
Б.Гэрэлт-Од
関連ニュース