“Mongolia Try-2018” нөлөөллийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-31 13:00:00
Архангай /МОНЦАМЭ/. “Mongolia Try-2018”-д оролцогч залуус Архангай аймагт ажилласан байна. Энэ үеэр “Mongolia Try-2018”  нөлөөллийн үйл ажиллагааны нээлт болж, нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар үг хэлж,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.

Энэ үеэрээ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын баг хариуцсан мэргэжилтэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулж, дараах саналыг аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байна.

Аймгийн ЗДТГазарт дэд бүтцийн хүртээмжийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бус нийгмийн бүхий л төлөөллийн хувьд саадгүй хялбар байх бодлогоор хэрэгжүүлэхэд чиглэжээ. Үүнд аймгийн ХБ иргэдийн төлөөлөл, байгууллагуудыг албан ёсоор хамруулах, тодорхой үйл ажиллагаа, үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлж, санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, нөлөөллийн ажлын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаанд аймгийн Бие Даан Амьдрах Төвөөс оролцогчдын зардалд дэмжлэг үзүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32-р зүйл заалтын хэрэгжилтийг биелүүлж хувийн туслах үйлчилгээ үзүүлэх туршилтийн төсөл хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32-р зүйл заалтыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулах, аймгийн төрийн болон үйлчилгээний байгууллагуудын дэд бүтцийг хүртээмжтэй болгох, дэд бүтцийн MNS20096055, MNS20096056 стандартуудыг биелүүлэхэд хамтран ажиллах, “Архангай” бие даан амьдрах төвийн ажилтнуудыг солилцооны хөтөлбөрт хамруулан Улаанбаатар хотод байрлах, “Түгээмэл Хөгжил” төвд ажиллуулах мөн “Түгээмэл Хөгжил” төвийн хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тухайн аймагт ажиллуулах зэргийг дэмжин хамтран ажиллах зэрэг санал хүсэлтийг хүргүүлжээ.

“Mongolia Try-2018” нь 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль ба бие даан амьдрах эрх, хүртээмжтэй орчин сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Архангай, Завхан аймгийн төлөөлөл болох хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон сайн дурын оюутан залуус, Япон улсын иргэн нийт 36 оролцогчтой зохион байгуулагдаж байгаа юм. Тус төслийг АЙФО олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын холбоо, “Тэгш Нийгэм” ТББ, “Түгээмэл Хөгжил” төв, Бие даан Амьдрах Төвүүдийн Үндэсний Холбооны гишүүн зургаан байгуулагууд зохион байгуулж байгаа юм. Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Архангай аймгийн ЗДТГ, Завхан аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース