Архангай аймгийн 16 сум бог мал угаах зөөврийн баннтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-31 16:19:02
Архангай /МОНЦАМЭ/. “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой малын угаалгын ажил орон даяар явагдаж байна.

Мал, амьтны аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Архангай аймгийн 16 суманд мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг хуваарилсан бөгөөд 8-р сарын 30-ны өдөр Цэнхэр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдад бог малын угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Уг зөөврийн угаалгын банн нь цагт 200 бог малыг угаах хүчин чадалтай гэж байна.




Малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой.
Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм.
Б.Гэрэлт-Од
関連ニュース