Б.Ганхуяг: ОХУ руу шинэ гарц нээж, Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-12 15:17:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр мэдээлэл хийсэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдэхдээ, "Бид борлуулалтын шинэ гарц бий болгохоор ажиллаж, ОХУ руу гарц нээж, Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна. Үүний тулд уурхайгаас Чойр хүртэл нүүрсээ тээвэрлэн, худалдан авагч тал Чойроос цаашхи тээвэрлэлтийг хариуцах юм. Ингэж байж худалдан авалт тасралтгүй явагдах боломж бүрдэнэ” гэв.
 
Компани бүтэн жилд 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ сарын 8-ны байдлаар 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөгөө давуулжээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулахаас одоогийн байдлаар 9.5 сая тонн нүүрс борлуулж, цэвэр ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.

Мэдээллийн дараа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-1072 хувьцааны талаар иргэд одоо юу хийх ёстой вэ?

-Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн дансаа нээлгээгүй байна. Тиймээс дансаа нээлгэх шаардлагатай. Хувьцаанаас та зөвхөн 10 юм уу, 50 мянган төгрөгийн ашиг авна гэж бодож болохгүй. Жишээлбэл, хувьцаа нь өөрөө 10 мянган төгрөгийн ашиг өгч байвч 10 сая төгрөгийн банкны баталгаа болох боломжтой. Сингапурын “Трентон” компанийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ иргэд нь бахархдаг шиг, “ЭТТ” ХК-ийн хувьцааг эзэмшинэ гэдэг нь Монгол Улсын иргэний олон улсад хувьцаагаараа баталгаажих суурь болж өгнө. Иргэд манай компанийн дэргэд байгуулсан “Хувьцаа мэдээллийн төв”-өөс мэдээлэл авах бүрэн боломжтой. Удахгүй “ЭТТ” гэсэн аппликейшн гаргана. Энэ онд Монгол Улсын 2.5 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр манайх албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болсон. Компани дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөн, нийт 10 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар ажиллаж байна. Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг бүрдүүлэн, Монголын Хөрөнгийн бирж, СЗХ-нд хүргүүлээд байгаа тул одоо дээрх байгууллагуудын зохих зөвшөөрлийг хүлээж байна. Дотоодын хөрөнгийн биржээс гадна Хонконг, Торонто, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр зэхэж байгаа. Дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явц удааширсан ч тус компани ирэх онд иргэдэд ногдол ашиг тараана. Хэдийд, ямар хэмжээний ногдол ашиг тараахыг компанийн ТУЗ эцэслэн шийдвэрлэнэ. Энэ сарын 8-ны байдлаар компанийн цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрсэн тул ногдол ашиг тарааж, энэ оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг амь оруулна. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч бид 1072 хувьцааны ашиг иргэддээ тараах болно.

-2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох уу?

-Ийм боломж байгааг тооцоолж байна. Бид юуны өмнө хувьцаагаа дотоодын хөрөнгийн бирж дээр бүртгүүлнэ. Хувьцааг арилжаалж эхэлсний дараагаар иргэд хувьцааг их хэмжээгээр борлуулах магадлалтай, ингэснээр хувьцааны үнэ унах эрсдэлтэй учир бид олон санхүүгийн гарц гаргалгааг зохицуулж байна. Хувьцааг харин өвлүүлэх болон шилжүүлэх нь Монгол Улсын хэмжээнд ямар хууль дүрэм хэрэгждэг тэр шалгуураар явна.

Тодруулга: “ЭТТ” ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүдээс дурдвал :(энэ оны эхний хагас жилийн байдлаар)
  • 952 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.9 сая тонн нүүрс борлуулсан.
  • Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй.
  • Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
  • 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
  • Ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн.
  • Цаашид борлуулалтын хүчин чадлыг 13 сая тоннд хүргэнэ.   
  • Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн санхүүжүүлэн ажиллана. Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлнэ.
 
Б.Болд
 
 
 
Холбоотой мэдээ