Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болов.
УИХ-ын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барих асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулсан нь мөн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна”, 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байгаа юм. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, УИХ-ын гишүүний саналаар УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас үзжээ.
Улмаар Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.
Сэтгэгдлүүд