Уур амьсгалын өөрчлөлт зохицуулалт төсөл хамгийн сайн хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:21:41

Баянхонгор аймагт хэрэгжиж буй Олон улсын төсөл хөтөлбөрийн зохицуулагч, мэргэжилтнүүдтэй аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд уулзалт хийлээ.

Уулзалтад Мерси Корпс, Азийн хөгжлийн банкны ядуурлыг бууруулах японы сан-Уур амьсгалын өөрчлөлт зохицуулалт хөдөөгийн амжиргаа, Дэлхийн зөн олон улсын байгууллага -Дэлхийн Зөн Баянхонгор-1, 2, Тогтвортой бичил уурхай, Тогтвортой ноолуур, Хөдөө аж ахуйн маркетинг зэрэг 10 гаруй төсөл хөтөлбөрийн болон ТББ-ын төлөөллүүд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, энэ онд хийсэн ажлаа Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлагналаа.

ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан болон зөвлөлийн гишүүд аймаг дахь төсөл хөтөлбөрүүдээс Азийн хөгжлийн банкны ядуурлыг бууруулах японы сан-Уур амьсгалын өөрчлөлт зохицуулалт хөдөөгийн амжиргаа  (Бууцагаан, Хүрээмарал, Заг) төслийг хамгийн сайн хэрэгжиж байгаа хэмээн үнэлжээ.

Төсөл хөтөлбөр хэрэгжихэд орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгааг төслийн багийнхан илэрхийллээ. Харин аймгийн удирдлагууд олон улсын төсөл хөтөлбөр, төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, төсөл хоорондын уялдаа холбоог сайжруулан аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ажлуудыг бодлогоор хангаж, төсвийн зөв зарцуулалт хийж ажиллах талаар холбогдох хүмүүст зөвлөсөн.

Цаашид төсөл хөтөлбөрийн зохицуулагчид болон аймгийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга нарыг хамарсан уулзалтуудыг удаа дараа зохион байгуулж, санал бодлоо солилцож байхаар болжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ