Йеменд долоо хоног гал зогсооно

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-15 10:47:55

КАИР. /RIA Novosti/. Гал зогсоох долоо хоногийн дэглэм Йеменд мягмар гарагийн 12:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх тухай тус улсад шиитүүдийн “Ансар Алла” хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Арабын орнуудын эвслийн командлалын тусгай мэдэгдэлд мэдээлжээ.

Уг баримт бичигт онцлон тэмдэглэж буйгаар, гал зогсоох дэглэмийг Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади гаргасан байна. Тэрбээр холбогдох хүсэлтийг Саудын Арабын хаанд илгээжээ. Арабын орнуудын эвслийн мэдэгдсэнээр, энэ сарын 15-21 хүртэл буюу “Йемений талууд хооронд хэлэлцээ хийх хугацаанд” түр эвлэрэх аж.

Улс орныхоо байдлыг зохицуулах Йемений талууд хоорондын шууд хэлэлцээ Швейцарьт 12 дугаар сарын 15-нд эхэлж байгаа юм.

Йемений эрх баригчид болон хусит-босогчид урьд нь 12 дугаар сарын 14-нөөс эхлэн долоо хоногийн хугацаатай түр эвлэрэхээр тохиролцжээ. Хэлэлцээ хийхэд шаардлагатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд галаа зогсоохыг НҮБ-аас хүссэн байна.

Йеменд шиитүүдийн “Ансар Алла” хөдөлгөөний босогч хуситууд, тус улсын Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехт үнэнч цэргүүд болон тэдэнд түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Хадигийн цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадиг Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл газраас болон агаараас дэмжиж байгаа билээ. Эвслийн нисэх онгоцууд гуравдугаар сарын 26-наас эхлэн босогчдын хяналтдаа авсан бүс нутгуудад цохилт өгч эхэлсэн. Зарим тооцоогоор, Хадигийн цэргүүдэд дэмжлэг үзүүлэхээр илгээсэн хуурай замын цэргүүдийн тоо 10 мянга гаруй болж байгаа аж.

НҮБ-ын мэдээлснээр, энэ оны гуравдугаар сард Йемений байдал даамжирсан цагаас 11 дүгээр сарын дунд үе хүртэл тус улсад 5878 хүн амиа алдаж, 27867 хүн шархаджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ