Б.Эрдэнэбат: Залуу хүн бүрт хүрч ажиллахыг эрмэлзэнэ

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2015-09-10 10:47:16

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Монголын Залуучуудын холбооны төв байрны “Залуус танхим”-д зохион байгуулах гэж байна. Энэ талаар МЗХ-ны Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга, “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлын ажлын хэсгийн дарга Б.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Залуучууд судлал эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго юу вэ?

-“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болоод байна. Наймдугаар сарын 25-нд Монголын Залуусын өдөр тохиодог. Үүний хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Залуучуудын хөгжлийн сар”-ыг 8 дугаар сарын 12-оос нэг сарын хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ ажлынхаа хүрээнд тал бүрдээ залуучуудад чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Монголын Залуучуудын Холбооны хувьд 8 дугаар сарын 25 буюу “Залуусын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Ингэхдээ баяр ёслол гэхээсээ илүүтэй  залуус энэ нийгэмдээ  юу хийхийг хүсч эрмэлзэж байгаа, нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьж байна вэ гэдгийг чухалчилсан.  Тодруулбал Хариу нэхээгүй тус, Хандивлах тус, Амьдралын тус гэх мэт олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ жилийн онцлог байлаа. Үүний үргэлжлэл болгоод 9-р сарын 10-нд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

-Одоогоор ямар ямар чиглэлээр хичнээн илтгэл ирээд байгаа вэ? Залуус хэр идэвхтэй оролцож байна?

-Бид 9-р сарын 8-ныг хүртэл залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, залуучуудын боловсрол, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын гэр бүл, сэтгэлзүй гэсэн таван чиглэлээр илтгэлийг хүлээн авсан. Бүх салбар, чиглэлийн 50 гаруй илтгэл ирсэн.  Залуучууд маш идэвхитэй оролцож байна. Ялангуяа Залуучууд судлалын асуудал бол сүүлийн үед нийгмийн анхаарлын төв цэг болж байна. 2014 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 33.3 хувийг 18-35 насны 957.3 мянган залуучууд эзэлж байна. Иймд залуучууд судлалыг хөгжүүлэх, залуусын дуу хоолойг сонсох, санал санаачлагыг дэмжих, оролцоог идэвхжүүлэх, тэдний байр суурийг бататгах, нөлөөллийг бий болгох шаардлага урган гарч ирж байгаа юм.

-Эдгээр илтгэлүүдээс судалгаа шинжилгээ сайтай, анхаарал татсан илтгэлүүд багагүй байгаа байх?

-Эдгээр 50 гаруй илтгэлүүдээс Монгол үндэсний хөгжлийн төлөөх оюутны холбооны тэргүүн Э.Батсайханы “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуу хүн миний оролцоо”, Гэр бүл судлаач докторант Ц.Одгэрэлийн “Залуучуудын гэр бүлийн боловсрол”, Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын орлогч Г.Батболдын “Орон нутаг дахь залуучуудын улс төрийн оролцоо”, МУИС-ийн багш Г.Бямбатогтохын Залуучуудын стрессийн судалгаа", МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Д. Баттулгын “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, Мандах бүртгэл дээд сургуулийн багш докторант С.Цолмонгийн  “Оюутан залуучуудын эрүүл мэнд, зонхилох өвчлөлт ба түүний шалтгаан” зэрэг залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг хөндсөн нэлээн сонирхолтой илтгэлүүд ирсэн байгаа.

-Залуучууд судлалын чиглэлээр эрдэмтэн судлаачид ямар сэдвийг голчлон хөндөж  байна вэ?

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндсөн хэд хэдэн илтгэлүүд ирсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн 52,7 хувь 16-35 хүртэлх насны залуучууд байдаг гэсэн судалгаа бий. Эндээс харахад залуучуудын дунд ажилгүйдэл их байна. Тэр дундаа дипломтой ажилгүйчүүд ихэссээр байна. Тиймээс энэ сэдвийг хөндсөн илтгэлүүд багагүй хувийг эзэлсэн.

-Аливаа шалгаруулалтад шүүгчид чухал байдаг. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн хэрхэн сонгосон бэ? Ямар шалгуур үзүүлэлтээр шилдэг илтгэлийг шүүх вэ?

-Олон чиглэлийн, чанартай сайн илтгэлүүд ирсэн учраас нэр хүндтэй эрдэмтэн багш нараас шүүгчдийн бүрэлдэхүүн бүрдэж байгаа. Тухайлбал МУИС-ийн багш, доктор профессор, СГЗ До.Цэнджав, Шинжлэх ухааны академи философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор М.Золзаяа нар шүүгчээр ажиллана. Мөн МУИС, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Монголын Залуучуудын Холбооноос чанартай шүүгчдийн багийг бүрдүүлсэн. Сонгон шалгаруулалтын тухайд шүүгчид илтгэх урлаг, асуултад хариулах чадвар, ишлэл зүйд хэр нийцсэн байх зэрэг шалгууруудыг харж үзнэ. Үүнээс гадна судалгааны ажлын үндэслэл дээрээс нь залуучууд судлалд хэрэгцээ шаардлагатай сэдэв мөн үү гэдгийг гол шалгуур болгоно. Мөн шинэлэг санаа, практик ур чадвар, цаг барих байдлыг харгалзан үзнэ.

-Энэхүү “Залуучууд судлал”-ын эрдэм шинжилгээний бага хурлаас гарах гол үр дүн нь юу байх вэ?   

-Одоо хэлэлцэгдэж байгаа “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого”-ын нэг зүйл заалтад Залуучуудын байгууллага, Залуучууд судлалыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай зүйл заалтыг оруулья гэдэг санаачилга гаргасан. Тиймээс дээрх заалтад “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулагчдын санаа оноо тусгагдана гэсэн үг. Тэр утгаараа залуучууд судлалын хөгжилд энэ эрдэм шинжилгээний бага хурал тодорхой хэмжээний байр суурийг эзэлнэ. Үүнээс гадна эдгээр илтгэлүүдийг эмхтгээд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Залуучууд судлал” эмхтгэлийг залуучуудынхаа гарт хүргэнэ. Энэ нь цаашид залуучуудын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн багш, оюутан залууст хэрэг болохоос гадна залуучуудын өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд тус дэм болох ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

-Өмнө нь Залуучуудын байгууллагаас залуучууд судлалын чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?

-Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн түүхт ой 2011 онд тохиосонтой  холбогдуулан Монголын Залуучуудын Холбоо залууст тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлыг олон нийтэд хүргэхээр "Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг 4 жилийн дараа төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутан залуучууд мөн залуу эрдэмтдийн төлөөллийг хамруулан өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэй бөгөөд энэ салбар нэгжүүд ч идэвхтэй оролцож байна. Хэнтий, Ховд аймгаас хүртэл  илтгэлүүд ирсэн нь энэ жилийн хувьд онцлог байлаа. Мөн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад төлөөлөгчид энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирж залуучууд судлал хэрхэн үүсч хөгжсөн,  ямар үе шаттай явж байсан, энэ чиглэлээр ямар хүмүүс судалгаа хийж байсан гээд бүхий л талын мэдээллийг багцалсан илтгэл тавина.

-Монголын Залуучуудын холбоо нь “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлаас гадна хийж, хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд юу байгаа вэ?

-Бидний хийж буй томоохон ажлуудын нэг нь бүсийн чуулга уулзалтууд байна. Энэ сарын 11-13-ны өдөр зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулах гэж байна. Уг бүсийн чуулга уулзалтад Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр гэсэн зургаан аймгийн залуус оролцоно. Үүгээр 21 аймгийн чуулга уулзалтууд өндөрлөнө. Баруун бүсийн чуулга уулзалт Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийн чуулган Орхон аймагт, Өмнөд бүсийн чуулган Баянхонгор аймагт тус тус амжилттай болсон. Эдгээр чуулганы хамгийн гол зорилго бол залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, орон нутагт ажиллаж, амьдарч буй залуус нэгдэн хамтарч ажиллах, залуучуудын байгууллагын стратеги төлөвлөгөөг шат шатанд нь боловсруулах боломжуудыг нээж өгч байгаа явдал юм. Монголын Залуучуудын холбоо залуучуудынхаа сайн сайхны төлөө, залуу хүн бүрт хүрч ажиллахыг эрмэлздэг. Тиймээс ч “Залуудаа сайхан амьдаръя” гэсэн уриалгыг дэвшүүлж залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд бүхий л түвшний үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд