Шинэ жил зохион байгуулах газруудад шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-16 11:49:41

Онцгой байдлын байгууллагаас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдийг хамруулж байгаа юм.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтсэн тохиолдол 2010-2011 онд 11 удаа гарчээ. Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах эрх бүхий "Очир ундраа", "Протек" гэсэн хоёр компани байдаг аж.

Иймд иргэд стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Б.Туул

Холбоотой мэдээ