С.Пүрэв: НӨАТ-ын 2 хувийг авахын тулд худалдан авалтын баримтаа цуглуулах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-24 15:38:03

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн худалдан авалт дээр үндэслэн НӨАТ-ыг буцаан олгодог болно. НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувь хүний эцсийн хэрэглээ буюу цаашид худалдан борлуулах зориулалтгүй өөрийн хэрэгцээндээ авч буй худалдан авалтандаа 20 хүртэлх хувийг буцааж авах боломж бүрдэж буй юм. Энэ талаар Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэвээс дараах асуултанд хариулт авлаа.

- Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ  тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?  

- НӨАТ-ын тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн "ebarimt.mn" цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ.  Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг  НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.

-Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд хэрэглэгч үйлчилгээний газруудаас заавал баримт авах нь. Харин  кассын машин хэрэглэдэггүй захын хорооллын жижиг дэлгүүрүүдээс иргэд ямар баримт шаардах вэ?

 - Иргэдэд үйлчилж буй хэн ч байсан заавал төлбөрийн баримт хэвлэдэг тоног төхөөрөмж буюу кассын машинтай болох шаардлагатай. Үсчин, таксигаар үйлчлүүлэхдээ ч баримт шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгийн төлөлт хийсэн ч үүнийг бүртгэлжүүлэхийг хуулиар шаардана гэсэн үг. Тиймээс худалдан авалт хийж буй иргэд 2 хувийн НӨАТ авахын тулд  баримтаа  заавал нэхэж авах нь чухал.

 -Одоогийн байдлаар цахим системд хичнээн аж ахуйн нэгж холбогдоод байна вэ?

-Цахим системд ойролцоогоор 1600 гаруй аж ахуйн нэгж  холбогдсоноор ойролцоогоор 2000 гаруй НӨАТ суутгагч бэлтгэлээ базаасан гэж хэлж болно. 

-НӨАТ буцаан олгосноор далд эдийн засаг ил болох хүлээлт бий. Энэ тухайд?

-Далд эдийн засаг 30 хувьтай байна гэдэг.  Үнэн зөв мэдээллийг ил болгож бүх борлуулалтыг бүртгэх нэг хөшүүрэг гэж үзэж болно. Тухайлбал аж ахуйн нэгжийн борлуулалт 50 саяд хүрвэл хуулиараа тэд НӨАТ төлөгч байгууллага болно гэсэн үг. Түүнчлэн ижил 2 дэлгүүрийн баримт өгдөг нь борлуулалт өссөөр байна. Мэдээж иргэд баримт олгох  дэлгүүрээр үйлчлүүлнэ шүү дээ.Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголт нь иргэн аж ахуйн нэгжид зүгээр мөнгө өгөөд байгаа асуудал биш. Иргэн та баримтаа цуглуулаад тухайн аж ахуйн нэгжийг үнэн зөв санхүүгээ тайлагнаж байгааг давхар хянаж байгаа хэрэг юм.

 - Дэлгүүрүүдийн одоо олгож буй үнийн дүн бүхий  баримт  НӨАТ-ын буцаан олголтыг баталгаажуулах уу?

-Өнөөдөр авч буй баримт НӨАТ-ын буцаан олголт болохгүй. НӨАТ-д хамаарах баримтад дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаар, тухайн худалдан авсан үнийн дүнгээс хэдийг НӨАТ-ийн төлөлтийг тодорхой болгоно. Мөн иргэд баримт хуурамч эсэхийг нягталж 1800-1288 гэсэн дугаарт мэдээллэх утас бий болгосон.

-Тэгвэл иргэд НӨАТ-ын буцаан олголтыг хэрхэн баталгаажуулах вэ?

 -Иргэд тус бүртээ буюу гэр бүлийн нэг гишүүн дээр худалдан авалтынхаа НӨАТ-ыг төвлөрүүлэх боломжтой. Түүнчлэн баримтаа хэрхэн шивж оруулахаас шалтгаална. Тухайлбал бэлэн мөнгөөр  авсан баримтынхаа дугаар, үнийн дүнг оруулж төв системийн бүртгэлд оруулах ёстой. Банкны картаар авч байгаа бол карт эзэмшигчийн мэдээлэл шууд холбогдоно. Системд холбогдож чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжид анхан шатны баримт бүртгэлийг хангасан ebarimt.mn сайт руу орж татварын системд хандах юм. "ebarimt.mn" сайтад бүртгүүлэн хувийн дугаар бүхий картыг цаасан хэлбэрээр гарган авч худалдан авалт хийсэн газраа бүртгүүлэх боломжтой. 2016 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улиралд багтаан төлбөрийн баримтыг үндэслэн өгөхөөр хуульд тусгасан.

-Улсын хэмжээнд дунджаар хэдэн төгрөгийн НӨАТ буцаан авах вэ гэдгийг  судалсан уу?  

-Дунджаар сард 1.8 сая төгрөгийн орлоготой гэр бүл жилд 22 сая төгрөгийн орлого төвлөрнө. Үүнийг хадгаламжинд хийхгүйгээр худалдан авалтаар тооцвол тухайн гэр бүл 440 мянган төгрөгийн НӨАТ-ын 2 хувийг буцааж авах боломжтой. 

-Сугалаа гаргана гэсэн. Сугалааны хонжворт ямар тохирол байгаа вэ?

-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд жилдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай томоохон сугалаа иргэдийн дунд явуулна. Төлбөрийн албан ёсны баримт дээр хоёр серийн дугаар, найман тоотой байгаа. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын 1-31 хүртэл цуглуулсан баримт дунд сугалаа явагдана гэсэн үг. Энэ сугалааны орон нь хойноосоо тоологдоно. Таны дугаар хойноосоо гурван орон таарах юм бол хамгийн багадаа 30 мянган төгрөг хожно гэсэн үг. Шаталж өгссөөр байгаад найман орон таарах юм бол 100 сая төгрөг хүртэл хожих боломжтой гэсэн хувилбараар  журам боловсруулж байна. Сар бүр 1.8 тэрбум төгрөгийн сугалаа явуулахаар төлөвлөж буй бөгөөд маш олон азтан тодорно. 

Б.Заяа

Холбоотой мэдээ