Нийслэлчүүд Чингисийн талбайд шинэ оноо угтлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ“Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн өчигдөр Чингисийн талбайд болж, он солигдох торгон агшныг нийслэлчүүд хамтдаа угтлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ 21 цагаас эхэлж, "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн болон Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар дуу хуураа өргөсөн юм. Мөн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглов.
Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Чингисийн талбайд цугларсан нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр “Нийслэлчүүд маань шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болж байна. Анх удаа 20 хэмийн хүйтэнд задгай талбайд мюзикл тоглосон нь дэлхийн аль ч улсад байхгүй үзэгдэл болсон гэхэд буруудахгүй. Улаанбаатар чуулгын уран бүтээлчиддээ нийслэлчүүдийхээ өмнөөс баярлалаа. Улаанбаатар хот цаашид улам хөгжиж, дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.
Цагийн зүү 12:00 заахад Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүр гэсэн дөрвөн цэгээс нэгэн зэрэг ёслолын буудлага хийж, нийслэлчүүд шинэ оноо угтан авсан юм.
Цэнгүүний Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилсэн юм.
Н.Туяа