“ТОП-5” аж ахуйн нэгжийг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:45:18

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Худалдаа, Аж үйлдвэрийн танхимтай хамтарч аймгийн 2014 оны “ТОП-5” аж ахуйн нэгж, “Entrepreneur awards-2015” оны шилдэг байгууллагуудад шагнал гардуулах ёслол шинэ оны босгон дээр боллоо.

Тус аймгийн бизнесийн салбарынхны тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг ажил, хүрсэн амжилтыг нь “Entrepreneur awards-2015” шалгаруулалтаар, аймгийн “ТОП-5” аж ахуйн нэгжийг тухайн оны аймгийн ДНБ-ний хэмжээ, ажиллагсадын тоо, нийт татварын орлого болон тухайн байгууллагын жилийн борлуулалтын орлого, улсад төлсөн нийт татвар, нийгмийн даатгалын хэмжээ зэргийг харьцуулж тусгай томъёоллоор тооцон гаргаж шалгаруулдаг байна. Аймгийн 2014 оны “ТОП-5” байгууллагаар Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК, Шарынгол ХК буюу Шарын голын уурхай, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК, Дархан Нэхий ХК тус тус шалгарч батламж гардав.

“Entrepreneur awards-2015” бизнесийн байгууллагуудын шилдгүүдийн номинацийн “Шилдгийн шилдэг байгууллага” гранпригийн эзнээр Дархан Минж ХХК, “Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар Дархан Ус суваг ХК, “Оны шилдэг маркетингтэй байгууллага”-аар “Номин тав трейд” ХХК, “Шилдэг үйлчилгээтэй банк”-аар Голомт банк, “Оны шилдэг хэвлэх үйлдвэр”-ээр “Топ электроникс” ХХК, “Оны шилдэг эко хүнс үйлдвэрлэгч”-ээр “Их мориг” ХХК, “Оны шилдэг хоршоо”-гоор “Зүйлт” хоршоо, “Оны шилдэг үйлчилгээтэй эмнэлэг”-ээр Дархан Харзтай ХХК, “Оны шилдэг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч”-ээр Дархан Зиг ХХК-ийн захирал Б.Даваажав, “Оны шилдэг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч”-ээр “Ид шид” ХХК-ийн захирал Ж.Одгэрэл, Нэр төрийн шагнал “Шилдэг СЕО”-гоор Дархан Хүнс ХК-ний гүйцэтгэх захирал А.Тунгалаг нар шалгарав. Аймгийн ТОП болон шилдэгээр шалгарсан бизнес эрхлэгчдэд аймгийн Засаг дарга А.Энхболд ХАҮТ-ийн дарга н.Мэндхүү нар цаашдынх нь амжилд амжилт хүсч баяр хүргэлээ.  

                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ