Ах дүү гурван улсын аварга

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 08:47:03

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн малчин Тавхи агсан гурван залуутай бөгөөд тэд бүгдээрээ өдгөө Монгол Улсын Сайн аварга малчин, тариаланчид болжээ.

Тэдний хамгийн том нь болох Т.Бааяа 74 настай бол хамгийн бага Т.Цэгмэд нь 71 настай, бүгдээрээ эрүүл энх, сайн сайхан аж төрж, үе залгамжлах залуу малчин, тариаланч нартаа үлгэр дууриалал болж, мал маллах, газар тариалн эрхлэх арга ухааныг зааж сургасаар явна.

Завхан сумын ЗДТГ-аас 2013 онд ах дүү гурван аваргын алдарыг тэмдэглэж, сум даяараа хүндэтгэл үзүүлж байжээ. Мөн хамгийн том ахынх нь хүү Б.Жаргалсайхан аав, авга ах нартаа зориулж “Ах дүү гурван заяа” шүлэг бичсэнийг СТА С.Пүрэвжав ая хийж, СТА, дуучин А.Өрнөхбилэг дуулж олны хүртээл болгосон байна. Ингээд уншигч та бүхэндээ ах дүү гурван аваргыг танилцуулъя.

Тавхийн Бааяа

   1941 онд Тавхийн ууган хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн  гар дээр өнгөрүүлж, 1948 онд Завхан сумын бага сургууль 1953-1957 онд Өмнөговь сумын дунд сургууль төгссөн. Улмаар 1964-1967 онд цэргийн алба хааж ирээд 1967 оноос хойш Завхан сумын “Сангийн далай” нэгдэлд малчин хийж, Улсын аварга малчин цол тэмдэг хүртсэн байна. Мал маллах хугацаандаа 13 жил туувар туусны зэрэгцээ нэгдлийн сүргийг өсгөж үржүүлэх, ашиг шимийг нь арвижуулах тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байжээ.

   БНМАУ-ын Аварга малчин, Ардын хувьсгалын ойн медалиуд, аймаг сумын хүндэт иргэн медаль, Цэдэнбалын одон зэрэг шагналтай

Тавхийн Бямбаа

   1944 онд Тавхийн дунд хүү болж мэндэлсэн. Завхан сумын бага сургууль, Өмнөговь сумын дунд сургууль, Архангай аймгийн Багшийн их  сургуулийг тус тус төгссөн. Өлгий суманд олон жил багшилж байсны зэрэгцээ Өмнөговь сумын захиргаанд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Зах зээлийн нийгэм эхлэх үед мал дээр гарч, Улсын Сайн Малчин болтлоо мал малласан байна.

Тавхийн Цэгмэд

   1948 онд Тавхийн отгон хүү болж мэндэлсэн. Завхан сумын бага сургууль, Өмнөговь сумын дунд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Ховд суманд Хянан шалгах хорооны  дарга, Увс аймагт Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, Зам анги болон үржил станцад ажиллаж байсан. Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улсын тэргүүний тариаланч цол хүртсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ