Нэгдсэн төсөв 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 17:40:51

Сангийн яамнаас Монгол Улсын нэгдсэн төсөв өнгөрсөн сарын эцсийн гүйцэтгэлээр 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар мэдээллээ.

Энэ оны эхний найман сарын хугацаанд улсын нэгдсэн төсвийн 1.5 гаруй их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөж байсан ч 713.5 тэрбум төгрөгийг нь санхүүжилт хийжээ.Улсын нэгдсэн төсөвт 3.5 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн ч төлөвлөсөнтэй харьцуулбал  679.2 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар дутуу биелснээр татварын орлого бүрдэлт хангалтгүй гүйцэтгэлтэй гарснаас гадна онцгой албан татварын орлого ч төлөвлөснөөс 10 гаруй хувиар тасарчээ. Импортын барааны НӨАТ, газрын тосны орлого, өмч хувьчлалын орлого тасарсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн төсвөөс 5.5 их наяд төгрөгийн зарлага гарахаар төлөвлөснөөс 4.3 их наяд төгрөгийн зарлага гарчээ. Зардлын санхүүжилт дутуу биелсэн нь дотоод эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардалтай холбоотой байна.  Харин өнөөдөр Үндэсний Статистикийн хорооноос улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ наймдугаар сард 3576.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4345.9 тэрбум төгрөг болсон хэмээн мэдэгдлээ. Ингэснээр алдагдал 769.2 тэрбум төгрөгт хүрчээ.Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 612.2 тэрбум төгрөгөөр буюу 5 дахин өссөн байна. Зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.8 пунктээр илүү байгаа нь төсвийн алдагдал нэмэгдэхэд хүрсэн аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд