УЕПГ-аас зөвшөөрөл авч талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэргийн талаар мэдээлнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-12 12:52:55

 ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр "2015 оны гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээлэл" хийнэ гэсэн зарын дагуу сэтгүүлчид цугларав. Сэтгүүлчид судалгаа, шинжилгээний дүн, тайлан сонсохоосоо илүү дуулиантай хэргүүдийн талаар сонирхож байв.

 Гэвч энэ удаа дуулиант хэрэг биш өнгөрсөн оны судалгаа шинжилгээний мэдээллийг өгөх зорилготой хэмээн ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү учирлав. 

Сэтгүүлчид биологич, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар  шалсаар байж зарим мэдээллийг авсан юм. "Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан  цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн тайлбар хийлгүй өдий хүрсэн.

“Биологич залуу амиа алдсан хэрэгт цагдаагийн байгууллага онцгой анхаарч, мөрдөн байцаалтын ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймгагт очиж, хэргийн газар дээр нь шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл талийгаач амьд байхдаа хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлсэн. Иймээс удахгүй ЦЕГ, УПЕГ-аас зөвшөөрөл авч, талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой эрүүгийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ" хэмээн  ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү хэллээ.

Биологич залуу амиа хорлоогүй гаднын нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлдэг. Учир нь талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байснаасаа болоод удаа дараа халдлагад өртөж, эцэст нь харамсалтайгаар амиа алдсан юм. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Ц.Баасандорж анхааруулсан. УЕПГ-аас уг хэрэгт анхаарлаа хандуулж мөрдөн байцаалтыг шуурхай хийх үүргийг ч цагдаагийн байгууллага, Нийслэлийн прокурорын газарт тус тус өгөөд байгаа юм.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ