Багийн “Хишиг барилдаан” болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:38:08

Увс аймгийн Өмнөговь сумын Бөхийн холбоо 2015 оноос эхлэн таван багийнхаа дунд “Хишиг барилдаан” зохион явуулах болсон байна.

Энэхүү барилдааныг Холбоо, Баянгол, Улиастай багууд өнгөрсөн онд хийсэн бөгөөд үлдсэн хоёр баг нь энэ сардаа багтааж хийхээр болжээ. Энэ дагуу Орлого багийн нэрэмжит “Хишиг барилдаан” энэ сарын 11-нд сумын Соёлын төвд болж, Түргэн сумын харъяат, аймгийн начин Д.Мөнхбаяр, сумын заан Д.Цэнгүүнжав, Т.Төрболд тэргүүтэй 40-өөд бөх уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилджээ.

Барилдааны 3-ын даваанд 10 бөх үлдэж, тойргоор барилдахад Өмнөговь сумын харъяат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн бөх, сумын заан Т.Төрболд 1-р байр, Түргэн сумын харъяат аймгийн начин Д.Мөнхбаяр 2-р байр, Өмнөговь сумын ахлах сургуулийн биеийн тамирын арга зүйч багш, сумын заан Н.Самбадагва 3-р байр, Хөдөлмөрийн багш Н.Балган 4-р байр тус тус эзлэсэн байна.

Мөн 15-17 насны хүүхдийн барилдаанд 32 бөх барилдаж, 3-ын даваанд 8 хүүхэд тойргоор барилдсанаас Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Д.Мөнхзул 1-р байр, Өлгий сумын Ахлах сургуулийн сурагч А.Шинэбат 2-р байр, Өмнөговь сумын Ахлах сургуулийн 10-р ангийн сурагч Б.Амартүвшин 3-р байр, Өлгий сумын Ахлах сургуулийн сурагч Мөнхманлай 4-р байр тус тус эзлэжээ. Энэ сарын 20-нд Намир багийн нэрэмжит “Хишиг барилдаан” болж, 2015 оны цуврал барилдаан өндөрлөх юм байна.

Дараагаар нь 2016 оны ээлжит цуврал барилдаанууд үргэлжлэх аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ