2015 онд гэмт хэргийн улмаас 91 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:03:18

Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэргийн илрүүлэлт 66,8 хувьтай байгаа ба гэмт хэргийн улмаас 587 иргэн хохирч, 91 хүн нас барж, 219 хүн гэмтжээ.

Иргэн, аж ахуйн нэгж ,байгууллагад 1027,2 сая төгрөгийн хохирол учирсаны 56,3 хувийг нөхөн төлүүлж 450,4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна. Энэ тухай Аймгийн  Цагдаагийн газраас ард иргэдэд болон сэтгүүлчдэд 2015 оны үйл ажиллагааныхаа тайланг тавих үеэр танилцууллаа.

Тус байгууллага 2015 оны байдлаар нийт 3017 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 584 гомдол мэдээллээр буюу 24 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Хүлээж авсан гомдол мэдээллийн 1305 буюу 43,6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 1445 буюу 47,8 хувийг захиргааны зөрчил байна. Нийт гэмт хэргийн 623 буюу 47,7 хувьд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Мөн өнгөрсөн онд 560 холбогдогчтой 542 гэмт хэрэг бүртгэгдсэний 47 хувь нь Арвайхээр суманд гарсан бол Хужирт, Тарагт, Богд, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Баян-Өндөр суманд гэмт хэргийн гаралт өсч, бусад сумдад буурсан үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх буюу 74,6 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, түүний дотор орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ