Улс төрийн намын тухай хуулийг санаачлагчид нь буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-19 15:35:53

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан. Иймээс үдээс хойшхи хуралдаан уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, дараагийн УИХ-ын хэлэлцэх асуудал руу шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, "Ер нь энэ удаагийн УИХ үлдэж буй хугацаанд ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх вэ гэдэг дээр тогтож ярилцах хэрэгтэй" гэлээ. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хувьд хуулийн төслийг дэмжиж байв. Гэхдээ тэрбээр зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах нь хэрэгтэй. Намууд зөвшилцөлд хүрэхгүйгээр бол энэ хуулийг батлах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин одоогийн хуулийн төслөөр бол иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Учир нь 3000-гаас доош хүн амтай сууринд анхан шатны нэгж байгуулахгүй хэмээн тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх "Хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй" гэж үзсэн. Иймээс хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар болов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ