Хелико бактерийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-20 15:18:49

АШУҮИС-ийг түшиглэсэн “МОН-HP” компани нь дэлхийн зах зээлд 15-20 ам.доллараар худалддаг  “Хелико бактерийн түргэвчилсэн оношлуур”-ыг дотооддоо үйлдвэрлэн 5000 төгрөгөөр борлуулж эхэллээ.

Уг оношлуур нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн буюу гадны оношлууртай ижил түвшний үйлчилгээтэй. Эрдэмтэн судлаачид бүтээгдэхүүнийг гарган авахын тулд 10 гаруй жилийн турш судалгаа шинжилгээ хийжээ.

Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Г.Батбаатар хэлэхдээ, “Бид өнөөдрийг хүртэл хэрэглэгч байж бусад улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан бол мэдлэгээ бүтээгдэхүүн болгож чадлаа. Эрүүл мэндийн салбар хүчирхэг байхад манай гарааны компаниудын тус дэм чухал. Цаашид улам сайн болгохын төлөө ажиллана. Сургууль зөвхөн оюутны төлбөрийг хараад суудаг байсан цаг ард үлдэж, сургалтын төлбөрөөс үл хамаарах судалгааны их сургууль болох эхлэл тавигдлаа. Эрдэмтэн багш нарынхаа оюуны бүтээлийг баялаг болгох нь чухал” гэв.

Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Оюунцэцэг, “Энэхүү оношлуурыг эмнэлгүүд түгээмэл хэрэглэх нь Монгол хүмүүст ходоодны хелико бактери пилори нянгийн халдварыг богино хугацаанд, хялбар, хямд аргаар оношлох, нян устгах эмчилгээний үр дүнг хянах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой” гэсэн юм.

БСШУЯ-ны Инновацийн төслийн хүрээнд 80 гаруй сая төгрөгөөр тус компанийн эхлэлийн хөрөнгийг шийджээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ