Аймгийн хошой аваргыг Улсын сайн малчинд тодорхойлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин, Аймгийн хошой аварга Ч.Батжаргалыг Улсын сайн малчнаар шагнуулахаар энэ жил сумаас нь тодорхойлсон байна.
Тэрбээр 1969 онд цэргээс халагдаж ирээд “Бадрал” нэгдлийн үхэрчин болж, нэгдэл тартал үхэр малласан байна. 1988 онд Аймгийн аварга үхэрчин, 2013 онд аймгийн Сайн малчин болжээ.
Малчин Ч.Батжаргалынх энэ жил 60 гаруй адуу, 10-аад тэмээ, 750-иад хонь, 350 гаруй ямаа, 80-аад үхэр, нийтдээ 1200 гаруй мал тоолуулсан байна. Дөрвөн хүүхдийнх нь хоёр нь тусдаа гарсан ба том хүү Б.Нямбаяр нь 1000 гаруй мал тоолуулаад 5-6 жил болж байгаа аж. Энэ жил дунд хүү Б.Ганзориг нь мөн 1000 гаруй мал тоолуулсан гэх.
Аймгийн хошой аварга маань залуу малчдад мал маллах арга ухааныг зааж сургах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг байна. Эднийх “Хоо толгой” нөхөрлөлийн гишүүн бөгөөд даргаар нь хүү Б.Нямбаяр нь ажилладаг аж.
Увс аймаг Б.Батхүү