Оросын нийслэлд цас их орсноос аюултай түвшинд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОХУ-ын Төвийн бүс нутгууд болон Москва, Санкт- Петербург хотод сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас үргэлжлэн орж байна.
Зарим өдөр сар үргэлжлэн орсонтой тэнцэхүйц их хэмжээний цас орж байна. Их цас хотын зам тээврийн хөдөлгөөн, шугам сүлжээ, нисэх болон төмөр замын хөдөлгөөнд багагүй саад учруулж байна.
Өмнө нь Москва хотын тээврийн газраас цаг агаарын байдал эрс хүндэрч буйтай холбогдуулан хотын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан. Иймд олон зуун иргэд өөрийн автомашинаас энэ өдрүүдэд татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож байна.
Гэсэн хэдий ч өнөө өглөөний 10 цагийн байдлаар Москва хотын замын хөдөлгөөн 8 баллын бөглөрөлттэй байв. Хүмүүс хэдэн цагаар замд бөглөрч , ажлаасаа хоцорч байлаа. Ус цаг уурын газрын тодорхойлсноор , их цасны байдал аюултай “улбар шар” түвшинд хүрээд байгаа гэж байв.
Түүнээс гадна Москва хотын гудамж , талбайд нийтийн аж ахуйн 60 мянган ажилчин, 18 мянган нэгж техниктэй ажиллаж байна. Тэд орсон цасыг цаг алдалгүй тэр даруйд нь цэвэрлэж, цас ачиж, цас хайлуулах цэгүүд рүү 24 цагаар тээвэрлэж байна.
Москвад Нэгдүгээр сарын эхэн үеэс 77 см цас ороод байна. Энэ нь сарын нормоос хоёр дахин илүү тунадас орсонтой тэнцэх аж.
Москва хот. А.Огторгуймаа