Хүйтний эрч энэ сарыг дуустал сулрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-26 15:48:03

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр,  энэ сарыг дуустал хүйтний эрч сулрахгүй хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын  28-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд говь талын нутгаар явган шуурга шуурна. Салхи 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Цаг агаар өнгөрсөн өвөл буюу 2015 оны нэгдүгээр сард бүх нутгаар дулаахан, төв, говь, тал хээрийн нутгаараа өдөртөө 3-6 градусын дулаан, хүйтний эрч суларч, хамгийн хүйтэндээ шөнө 24-25 градус байсан байна. Харин энэ жил ялангуяа нэгдүгээр сарын цаг агаар, олон жилийн дунджийн хүйтнээс хоёр дахин чангарч, эрс хүйтэрчээ. Цаг уурчдын мэдээлснээр одоо нутгийн ихэнх хэсэг зузаан цастай байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ