Хүүхэд харах үйлчилгээнд 63 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:22:52

Өвөрхангай аймагт хүүхэд харах үйлчилгээг эрхлэх эрхийг 63 иргэн аваад байна. Хэдийгээр 200 гаруй иргэн уг үйлчилгээг эрхлэх хүсэлтээ өгсөн ч 5 өдрийн сургалтын төлбөр болох 60 мянган төгрөгийг төлж чадаагүйгээс 80 орчим иргэн сургалтанд хамрагдсан бөгөөд сорилын тест, оролцогчийн идэвхи оролцоо, дадлага ажлын явц гэсэн шалгуураар 85 хувиас дээш үнэлгээ авсан 63 иргэн тэнцээд байгаа юм.

Тэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог, хүүхдийн хөгжил төлөвшилт, эрүүл ахуйн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах вэ? гэсэн чиглэлээр мэдлэг эзэмшжээ.

Улсын хэмжээнд 59 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаагийн 1600 нь Өвөрхангай аймагт байна. Хүүхэд харах үйлчилгээнд улсаас 10,8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь дээрх 59 мянган хүүхдийн 20 орчим хувийг л уг үйлчилгээнд хамруулах боломжтой өртөг бөгөөд энэхүү төсвийг аймгуудад хуваарилах юм. Өвөрхангай аймагт урьдчилсан байдлаар 50-60 хүүхэд харагчийн төсөв шийдэгдэх “сурагтай” байгаа аж. Цаашид Хүүхэд харах үйлчилгээний хууль үргэлжлэн хэрэгжих учир аймгийн ХГБХХ-ээс шат дараалсан сургалтуудыг явуулж, багшлах нөөцийг урьдчилан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ