Хубилай цэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн ёслол Чингисийн талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-14 14:54:20

Монголын эзэнт гүрний их хаан Хубилай сэцэний мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт их ойг тэмдэглэх ёслолыг Чингис хааны талбайд маргааш зохион байгуулна.

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг Монгол орон даяар өргөн тэмдэглэх хөтөлбөр боловсруулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, түүх, урлаг соёлын зэрэг олон үйл ажиллагааг энэ онд зохион байгуулах талаар өнөөдөр БСШУЯ-ны хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд  БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Чингис, Өгэдэй, Хубилай сэцэн хаан романыг бичсэн МУСГЗ, зохиолч Д.Жамьян тэргүүтэй ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөөлөгчид оролцлоо.

Маргааш буюу есдүгээр сарын 15-ны морин цагт /11.40-12.15/ Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн ёслолын ажиллагаа, дараа нь “Хубилай сэцэн хаан-800” үзэсгэлэнгийн нээлт, “Хубилай сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг” номын нээлт /Монголын Үндэсний музейд/, Олон улсын хөөмэйн наадам Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад тус тус болно. Харин энэ сарын 16-24-ний өдөр бүр Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан арга хэмжээ байгаа юм.

Тухайлбал, Хөөмэйн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Хубилай сэцэн хаан-800” ойд зориулсан маркийн нээлт, “Хубилай сэцэн хаан” эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан телевизийн нэвтрүүлэг /МҮОНРТ/, Чингис, Өгэдэй, Хубилай сэцэн хаан романы нээлт, Тайваний “Гугун музей дэх Монголын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт, Хубилай сэцэн хааны тухай 10 боть цуврал ном, “Хубилай сэцэн хаан ба түүний залгамжлагчид” цомгийн нээлт, “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт ОУЭШ-ий бага хурал, “Монгол төрийн их дуулал” 261 найрал хөгжимчдийн тоглолт, “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найраглалын нээлт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар зэхжээ.  

Энэ оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталж есдүгээр сарын 15-23-ны өдөр тэмдэглэх хөтөлбөр гарган, 20 ажил хийхээр болсон нь ийнхүү биелэлээ олжээ. Шинжлэх ухааны академиас “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой"-г тэмдэглэх санаачилга гаргасныг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаалтай хүлээн авсан юм.

Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэн байдлыг дэлхий нийтэд ойлгуулах нь зүй ёсны хэрэг хэмээн ШУА өндөр ач холбогдол өгч байгааг төрийн болон ТББ-иуд, хамт олон, нийт монголчууд талархан хүлээн авч өргөн тэмдэглэх гэж байна. Ийнхүү Их хааныхаа тэгш ойг тэмдэглэх нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд Хубилай хааны гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа зүтгэлийг сурталчлан түгээж, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд онцгой чухал ач холбогдолтой юм.  

Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж байхад бид ингэж өргөн хүрээнд зохион байгуулж тэмдэглэх нь монголчуудын хувьд ариун үүрэг билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд