Жагсагчид “Цалинтай ядуучуудыг багасгая” гэсэн лоозон барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 17:03:45

МҮЭХ-ноос  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг биелүүлсэнгүй хэмээн өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийв.

Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөрүүд, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэнийг МҮЭХ-ноос тодотгож байна. Ажлын байрны баталгааг хангах, иргэдийн орлогын үнэгүйдлээс сэргийлэх, цалин хөлсийг индексжүүлж, албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол заалтууд амьдрал дээр биеллээ олохгүй байгаа учраас шаардах жагсаал зохион байгуулахад хүрлээ хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцлов. Жагсагчид “Цалинг индексжүүл”, “Нийгмийн түншлэлийг үл ойшоо”, “Цалинтай ядуучуудыг багасгая”, “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл дордох ёсгүй”, “Нийгмийн 3 талт түншлэлийг үл ойшоож байна” гэсэн уриа лоозонг барьжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд 2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон нэг бүрээр нь хэлэлцсэн юм. Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрт улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд хэлэлцээр байгуулахад төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс илүү ажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах зэрэг зарчим баримтлах нь зүйтэй хэмээн талууд байр сууриа илэрхийлсэн.

Б.Заяа

        Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд