Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” хэмээн өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-15 10:42:05

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо.

Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү нэрлэхээр болжээ.

Мөн тус захирамж, тушаалд нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын үйл ажиллаагаа, зохион байгуулалтыг сайжруулан олон улсын галт тэрэг, хот, дүүргийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төвийн дарга Д.Пүрэвсүрэн нарт үүрэг болгосон байна.

Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын газар, барилга, өргөтгөл, авто зогсоол, гарцуудыг дахин төлөвлөх, төсөв боловсруулан гаргахыг холбогдох албаныханд даалгажээ.

Холбоотой мэдээ