Украины 17 мужийн хот, суурингуудын нэрийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-17 16:06:04

КИЕВ. /RIA Novosti/. Украинд явуулж буй коммунист үзэл суртлаас татгалзахад чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд 17 мужийн хот, суурин, дүүргүүдийн нэрийг өөрчилнө. Дээд Радагаас гаргасан үүнтэй холбогдох тогтоолыг парламентын сонин болох “Украины дуу хоолой”-д лхагва гарагт нийтэлжээ.

Албан ёсны хэвлэлд нийтэлсний маргааш нь хүчин төгөлдөр болох уг баримт бичигт зааснаар, Винниц, Днепропетровск, Донецк, Житомир, Закарпатська, Запорожье, Киев, Кировоград, Луганск, Николаев, Одесс, Полтав, Тернополь, Харьков, Херсон, Черкас болон Чернигов мужийн хүн амын суурингуудын нэрийг өөрчилнө.

Тухайлбал, Донецк мужийн Артемовск хотыг Бахмут, Зержинск хотыг Торецк, Красный Лиман хотыг Лиман гэж нэрлэх аж.

Зөвлөлтийн бэлгэ тэмдгийг сурталчлахыг хориглосон, “коммунист болон нацист дэглэмийг буруушаасаан” Дээд Радагийн баталсан хууль Украинд 2015 оны тавдугаар сард хүчин төгөлдөр болжээ. Уг хуульд тухайлбал, Зөвлөлтийн үеийн төрийн зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэсэн хот, гудамжуудын нэрийг өөрчлөх тухай тусгасан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ