Үндсэн Хуулийн Цэцийн даргыг Н.Жанцан орлон гүйцэтгэж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-22 16:12:53

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах шийдвэр гарснаар Цэцийг удирдах эрх мэдлийг хамгийн өндөр настай гишүүн болох Н.Жанцан орлон гүйцэтгэж байна.

Цэцийн тухай хуульд зааснаар “Цэцийн дарга нь нас нөгчсөн, чөлөөлөгдсөн, огцорсон, түр эзгүй тохиолдолд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн нь орлоно” хэмээн заасан байдаг. Хуульд байгаа дээрх зохицуулалтын дагуу тус газрын даргын үүргийг гишүүн Н.Жанцан түр орлон гүйцэтгэх юм. Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй байх учиртай. Ж.Амарсанаа гишүүнийг чөлөөлснөөр шинэ хүнийг нөхөн томилох ёстой болно. Шинээр нэр дэвшүүлэх хүнийг Улсын Дээд Шүүх санал болгох юм. Учир нь Ж.Амарсанааг санал болгож томилуулсан, мөн чөлөөлөхөд нь санал ирүүлсэн газар нь Улсын Дээд Шүүх юм. Тиймээс тус газраас шинэ хүн санал дэвшүүлсэн цагт УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүний дараа Цэцийн бүрэлдэхүүн бүрдэж,  есүүлээ хуралдан, Цэцийн даргыг дундаасаа сонгох болон санал хураалтыг нууцаар байхаар хуульд зааж өгчээ. Одоо Цэцийг удирдаж байгаа Н.Жанцан нь өмнө нь ҮХЦ-ийг удирдаж байсан туршлагатай. МУИС-ийг 1972 онд хуульч мэргэжлээр төгсч, ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, Ул­сын ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан, 1992 онд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болжээ. Улмаар 1998 онд дахин томилогдон Цэцийн дар­гаар сонгогдсон. Харин 2005 оноос Цэцийн орлогч дарга, гишүүн зэрэг албыг тус бүр хашиж ирсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ