Малчид тулгамдсан асуудлаа ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:13:08

Хархорин сумын ИТХ, ЗДТГ-аас сумын малчдын зөвлөлгөөн зохион байгууллаа.

Улиран өнгөрч буй хөхөгчин хонин жилд тус сумын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт олон дэвшилтэт ажил хийгдсэн бөгөөд үүнд гол үүрэг гүйцэтгэсэн малчдаа шагнаж урамшуулах, улс, орон нутгийн хэмжээнд төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулах, малчдын санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь зөвлөлгөөний зорилго байлаа.

Хархорин гэлтгүй, бүхий л сумдын малчдаас тавьж буй асуудал бол малын түүхий эдийн үнэ буурч, малчин өрхийн орлого хумигдсан, малчдын залуу халааг бэлдэх, малын үүлдэр угсааг чанаржуулах, хүүхдийг 6 настайд сургуульд оруулах нь залуу малчин гэр бүлийг тарамдуулж буй зэрэг явдал юм. Эдгээр асуудал энэ үеэр ч яригдаж, цаашид хаваржилтын байдлыг хэрхэн давах талаар ярилцлаа.хөөрөлдлөө.

Хархорин сум  2013 онд  209312 толгой, 2014 онд 238234 толгой, 2015 онд  265013 толгой мал тус тус  тоолуулж, мал сүрэг таван төрөл дээрээ 12 хувиар өссөн амжилттай байна.

Малчдын зөвлөгөөнд 250 малчин оролцсон бөгөөд ХХААЯ-ны тэргүүнээр Шанх багийн малчин Ч.Амаржаргал, Онгоцон ухаа багийн малчин Д.Донров, Жалбаа багийн малчин А.Ганбаатар, Орхон багийн малчин С.Отгонжигжид, ХХААЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Д.Ганбат, С.Пүрвээхүү, Г.Пүрэврэнцэн, Д.Төмөрпүрэв, Ж.Нармандах, П.Отгонбат нарыг шагнан урамшууллаа.

2015 онд тус сумаас “Улсын сайн малчин”-аарЖалбаа багийн иргэн Э.Бямбасүрэн, “Улсын тэргүүний тариаланч”-аар Эрдэнэтолгой багийн иргэн С.Жамъянсүрэн, “Аймгийн сайн малчин”-аар Х.Ганзориг, О.Гомбодорж, Э.Дашзэвэг, “Сумын сайн малчин”-аар А.Цэгмид, Х.Алтанхуяг, Ж.Норовсамбуу, Б.Одхүү, С.Раднаабазар, Л.Базарсад, Н.Түмэн-Өлзий, О.Дашдаваа нар тус тус шалгарсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ