Видео тоглоомын нөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-16 15:12:58

ЖЕНЕВ. /BBC/. Видео тоглоомын үйлдвэрлэл дэлхий даяар тархжээ. Дэлхийд 1.2 тэрбум гаруй тоглогч байдаг. Тун удахгүй видео тоглоомын нэг жилийн борлуулалт 100 тэрбум долларт хүрэх ажээ.

Видео тоглоом нь хүчирхийлэл, донтолтын шалтгаан болдог гэж байнгын эсэргүүцэлтэй тулдаг. Үүнтэй холбогдуулан 30 жил судалгаа хийсэн боловч эрдэмтдийн дундах маргаан таслагдаагүй юм.

Хүчирхийлэлтэй тоглоом тоглогчдын түрэмгийллийн түвшин дөрвөн хувиар өсөж байгааг лабораторийн судалгаагаар эрдэмтэд тогтоосон байна. Гэвч судалгааны бусад багууд ар гэрийн байдал, сэтгэцийн эрүүл мэнд эсвэл зүгээр л эр хүйстэн гэсэн хүчин зүйлээр авч үзэх нь түрэмгийллийн түвшинг тодорхойлоход илүү чухал үүрэгтэй гэж үзжээ.

Видео тоглоом болон бодит ертөнц дэх хүчирхийллийн үйлдэл хоорондын уялдаа холбоог шинжлэх ухаан тодорхойлж чадахгүй байгаа нь илэрхий байна.

Үүний сацуу судлаачид видео тоглоомд байж болох ашигтай талыг судалж байна.

Женевийн их сургуулийн профессор  Дапни Бавелир видео тоглодог болон тоглодоггүй хүний харааны чадварыг харьцуулжээ.

Эхний туршилтад оролцогч хөдөлж буй хэд хэдэн биетийг дагуулан харахад дайн тулаантай видео тоглоом тоглодог хүмүүсийн харааны гүйцэтгэл тоглодоггүй хүмүүсийнхээс сайн байсан болохыг тэрбээр уг туршилтаар тогтоосон байна. Ийм төрлийн видео тоглоом тоглодог хүмүүс орчин тойронд болж буй үйлдлийг сайтар ажиглахын зэрэгцээ байнга хараагаа өөр тийш шилжүүлэх шаардлагатай байдаг болохоор хараа нь энгийн хүнийхээс сайн байдаг ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд