Сайн эмчийн цалинг нэмэх бололцоо хязгаарлагдмал байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-26 10:38:30

УИХ-ын гишүүн C.Одонтуяа, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар өчигдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллах үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцов. Тус төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц “Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд 100 хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Сайн эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.  

С.Одонтуяа гишүүн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсан. Одоо Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталвал эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх нөхцөл бүрдэнэ. Энэ бол эмнэлгийн засаглалыг бие даалгах хууль. Тухайлбал, эмнэлгүүд өөрсдөө менежментээ хийж, стратегиа төлөвлөнө. Ингэснээр хэн гэдэг эмчид хэдэн төгрөгийн цалин өгөх вэ гэдгээс эхлээд бүх асуудлаа дотроо шийддэг болно. Сайн ажилладаг сувилагчид сард сая төгрөгийн цалин өгч болно. Энэ мэтээр эмнэлгээ, ажилтнуудаа үнэ цэнэтэй болгох юм бол тэр хэрээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшилнэ. Монгол хүн монголдоо эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг байх ёстой” гэв. Эцэст нь ирэх хаврын чуулган нээмэгц энэ хуулийг хэлэлцэж батлуулах тул төслийн сүүлийн хувилбарыг нийт ажилчидтайгаа ярилцаж байгаад, саналаа өгөөрэй хэмээн захив.

 

Холбоотой мэдээ