Лавров: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн зарчмыг хэвээр хадгалах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-26 10:35:35
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны тогтолцоонд хэтэрхий их өөрчлөлт оруулсан хэдий ч үндсэн зарчмууд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.


"НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг сайжруулах гэсэн Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэл эрмэлзлийг ОХУ дэмжиж байна. Зарим өөрчлөлт илүүц байгаа хэдий ч уг ажиллагааны үндсэн зарчмуудыг хэвээр хадгалах хэрэгтэй" гэж тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хүрээнд болсон “Энхийг сахиулах ажиллагаа” хуралдааны үеэр мэдэгджээ.


Үүний зэрэгцээ тэрбээр, хүч хэрэглэх боломжийг олгож байгаа эрх мэдэлд дэндүү их шунаж байгаа асуудлыг таслан зогсоох хэрэгтэй гэж анхааруулсан байна.


Түүний үзэж байгаагаар, энхийг сахиулах ажиллагааны хүрээн дэх эрх мэдэл тодорхой бөгөөд бодит байх ёстой ажээ.


Энхийг сахиулах ажиллагааг хүлээн зөвшөөрч буй орнууд болон оролцож буй орнуудын санал бодлыг харгалзан үзэж, уг асуудлаар тэдэнтэй хэлэлцэх нь чухал юм гэж тэрбээр мэдэгдээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблей нь энхийг сахиулах асуудалд голлох үүрэгтэй оролцох хэрэгтэйг дурдсан байна.


Мөн тэрбээр, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага энхийг сахиулах салбарт НҮБ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ.


Хамтын аюулгүй байдлын гэрээг 1992 онд Ташкент хотод байгуулж, улмаар уг гэрээний хүрээнд 2002 он 10 дугаар сарын 7-нд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг байгуулах хэлэлцээрийг байгуулжээ. Одоогийн байдлаар Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистан зэрэг орон уг байгууллагад багтдаг ажээ. Тус байгууллагын хамтарсан хүчин цэргийн 22 мянган албан хаагчтай юм.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ