Венесуэлийн асуудлаархи тогтоолыг талаас бага хувь нь дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-28 13:31:51

ЖЕНЕВ. /ТАСС/. Латин Америкийн хэд хэдэн орнуудын санал болгосон, Европын Холбооны орнууд хийгээд Украины дэмжсэн Венесуэлийн асуудлаархи тогтоол Женев хотод болсон санал хураалтад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улсуудын талаас бага хувийн дэмжлэгийг авчээ. Тус тогтоолыг батлахыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн нийт 47 гишүүн улсын 23 нь дэмжсэн бол 7 улс эсэргүүцэж, 17 улс түдгэлзсэн санал өгсөн байна.


Дэмжсэн орнуудын дунд Хятад, Куба, Пакистан, Египет улс байсан бол түдгэлзсэн улсуудад Өмнөд Африк, Саудын Араб, Киргизстан зэрэг улс багтаж байсан аж. Уг тогтоолд Аргентин, Мексик, Канад, Чили, Перу, Парагвай зэрэг улсын Венесуэл улс төр, нийгэм эдийн засгийн хямтралд өртөөд байгаатай холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад ихээхэн санаа зовж буйг илэрхийлжээ.


Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы хомсдолын асуудлуудыг шийдвэрлэхэд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын удирдлага болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизмуудтай хамтран ажиллахыг тус улсын засгийн газарт хандан уриалсан байна.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүчтэй хямралыг даван туулж байгаа юм. Ийм хүндхэн нөхцөл байдал нь тус улсын олон иргэнийг улс орноо орхин явахад хүргэсэн юм.  НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн 6 дугаар сард Колумб, Эквадор, Перу, Бразил зэрэг улсыг зорихоор тус улсаас 2,3 сая орчим хүн явсан байна. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ