Эмнэлгийн байгууллагуудын гадна, зам талбайг тохижуулах ажил 2019 онд үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-09-29 12:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг 2018 онд иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгч байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг ийнхүү иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Улмаар 2016 онд Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ.


Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайн авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож байгаа юм. Мөн эмнэлэг орчим хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлсэн.


2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөн ажлын зураг төслийг боловсруулж байгаа аж.

Холбоотой мэдээ