АНУ-ын улсын өр 21 их наяд ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-02 13:57:57

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын улсын өрийн хэмжээ 21 их наяд 516 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Washington Examiner” сонинд мэдээлжээ.


9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон 2018 оны санхүүгийн жилд Америкийн улсын өр 1,2 их наяд ам.доллароор өссөн байна. Түүнээс гадна, АНУ-ын төсвийн алдагдлын хэмжээ 2020 онд 1 их наяд ам.доллароос давах төлөвтэй байгаа аж.


АНУ-ын засгийн газрын зардлыг хянах боломжгүй байгаа учраас улсын өрийн хэмжээ өсөх хандлагатай байгааг дээрх сонинд дурдсан байна. Энэ оны 8 дугаар сард АНУ-ын Конгрессын мэдээлснээр, 2018 оны санхүүгийн жилийн 11 сарын хугацаанд засгийн газрын авсан зээлийн хэмжээ 895 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 222 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ