Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.
Тэрбээр, “Үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Түүнчлэн үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг эмзэг асуудал. Энэхүү хуулийн төслийг баталснаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр хэрэгжих, төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудлыг тусгах боломж бүрдэнэ. Мөн иргэдэд гадаадыг зорьж оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах нь багасч, эх орондоо эмчлүүлэх боломжтой болох юм” гэлээ.
Хуулийн төслин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн хуульчилсан байдаг талаар тодруулсан.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Манай хоёр хөрш оронд нөхөн үржихүйн асуудлыг зохицуулсан бие даасан хууль байдаг. Мөн дээрх хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, Канад, Франц, Швед, Тайланд болон бусад өндөр хөгжилтэй улсуудын эрх зүйн зохицуулалт, туршлага, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй эрсдэл, туршлагыг судалсан” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Гэрэл зургийг Т.Чимгээ