Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд ахиц дэвшил гарна гэж Ким Жөн Ун найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-08 11:24:54

ТОКИО. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойрын хугацаанд хийж магадгүй байгаа уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд ихээхэн ахиц дэвшил авчирна гэж найдаж байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой Пхеньянд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


Түүнчлэн уулзалтын үеэр Ким Жөн Ун Сингапурт болсон хоёр улсын удирдагчдын өндөр дээд хэмжээний анхны уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх асуудлын нааштай өөрчлөлтөд өндөр үнэлгээ өгчээ. Энэ чиглэлд АНУ-ын төрийн тэргүүний гаргаж буй хүчин чармайлтад тэрбээр талархал илэрхийлсэн байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пхеньянд айлчилж, Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийсэн юм. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаархи ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, Америк-Умард Солонгосын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ