Гудамжинд нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2016-02-29 16:27:29

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд 45.8 хувь, өнөөдрийн байдлаар нэг сая 200 мянган хүн амьдарч байна. Нийслэл хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн нэг км квадрат талбайд 262 хүн ногдож байгаа нь ачаалал их болсныг харуулж байна. Тиймээс Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон өөрчлөх шаардлагатай болсон” гэв.

Шинээр хэрэгжиж эхэлж буй хууль зөрчсөн иргэнийг 5.000-1.000.000 төгрөгөөр торгох заалт оржээ. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн  албан хаагчид, сайн дурын ажилтнууд хянах юм байна.

Холбогдох байгууллагаас уг хуулийг хэрэгжүүлэх журам батлахдаа зөвхөн торгоод өнгөрөх биш зөрчил дутагдал дахин гаргахгүй байх үүднээс шүлс, нус, цэрээ арилгуулах, ухуулга сурталчилгаа хийхээр төлөвлөжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ