Цагаачдын цувааг Венесуэл улс санхүүжүүлсэн гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-24 12:53:29
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын өмнөд хилийг чиглэн хөдөлж байгаа цагаачдын цувааг Венесуэл улс санхүүжүүлсэн гэж Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес батлан хэлсэн аж. Энэ тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.

“Гондурасын Ерөнхийлөгчтэй ярихад, цуваа одоо АНУ-ын өмнөд хилийг чиглэн Мексикт явж байгаа гэдгийг мөн уг цувааг зүүний бүлэглэлүүд зохион байгуулж, Венесуэл улс санхүүжүүлснийг надад хэлсэн” хэмээн Пенс дурдсан байна. Түүний хэлснээр, одоогийн байдлаар 7000 орчим хүн цуваанд нэгджээ.

Бүс нутаг дахь цагаачлалын хямралын хариуцлагыг Төв Америкийг ядуурал, харанхуй бүдүүлэг, хоцрогдмол байдал, харгислал дарангуйллын эрин рүү түлхсэн Америкийн капитализм хүлээх ёстой гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро урьд нь мэдэгдсэн байна. Тэрбээр хүнлэг чанар гаргаж, хилээ нээхийг мөн пуужин, бөмбөг бүтээхэд олон сая хөрөнгө мөнгө зарцуулахын оронд Төв Америкийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн АНУ-ын Засгийн газарт уриалсан байна.
Холбоотой мэдээ