Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 11:20:26

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлчдийн 3 дугаар хурал 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж нэлээд асуудлыг шийдвэрлэсэн байна.

Иргэний танхимаар 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа. 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аймгийн Иргэний танхим нь иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү танхимаар жил бүр орон нутагт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг бөгөөд нэг жилд ойролцоогоор 9-16 хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Мөн сүүлийн жилүүдэд зөвхөн хэлэлцүүлэг зохион байгуулаад зогсохгүй иргэдэд сургалт явуулдаг болсон юм. 2016 онд 19 сургалт зохион байгуулахаар болжээ.

Мөн бүх байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал,  аудитын байгууллагад байдаг. Энэ ажлынхаа хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын хэсэг байгуулав. Энэ ажлын хэсэг нь төрийн болон орон нутгийн өмч, орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэж байгаа ажлууд, батлагдсан төсвүүдийн талаар шилэн дансны хуулийн заалтын дагуу мэдээллээ албан ёсны сайтад тавьж байгаа зэрэгт хяналт тавих юм.

Энэхүү хуралдаанаар Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хоёр хүсэлт ирсэн бөгөөд татгалзсан хариулттай хоцорлоо. Мөн “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Аюулгүй Өмнөговь” гэсэн дэд хөтөлбөр батлуулахаар асуудал оруулж ирсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дараагийн хуралд оруулж ирэхээр хойшлуулав.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ