Сурталчилгааны хоног цөөрсөн нь сонгуулийн зардлыг хэмнэхэд нөлөөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-02 13:02:42

Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Үүнтэй холбогдуулан Үндэсний аудитын газрын дэд дарга, Тэргүүлэх аудитор Б.Баттуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн зардлын хэмжээг ямар үндэслэл, үзүүлэлтээр тогтоосон бэ?

-Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасанчлан сонгуулийн зардлын дээд хэмжээг энэ жил Үндэсний аудитын газар тогтоосон. Уг хуулийн 41.1-т зааснаар сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан 26 тойрогт тус бүрээр нь тогтоосон. Харин нам, эвсэл тус бүрээс зарцуулах зардлын дээд хэмжээг нарийвчлан тооцож үзээд 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон.   

-2012 оны УИХ-ын сонгуулиар зардлын дээд хэмжээг 9.6 тэрбум гэж тогтоож байсан. Гэтэл энэ жил гурав дахин багасгаж тогтоосон нь анхаарал татаж байгаа. Яагаад ингэж тогтоох болов?

-Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор сурталчилгааны хоногийг 35 байсныг богиносгож 18 хоног болгосон. Сонгуулийн сурталчилгаа явуулах өдөр цөөрсөн гэсэн үг. Үүнээс гадна телевиз, радиогийн эфирийн цагийг хязгаарлаж, өдөрт 60 минутаас илүү сурталчилгаа хийхийг хориглосон. Мөн ухуулагчийг сайн дураар ажиллуулах, үйл ажиллагааны зардлыг багасгах зэрэг өөрчлөлт нь сонгуулийн зардлыг ингэж тогтооход нөлөөлсөн.

-Хэрэв зардлын хэмжээнээс хэтэрсэн бол ямар хариуцлага ногдуулах вэ?

-Сонгуулийн зардалд хяналт тавих үүрэг мөн энэ удаад Үндэсний аудитын газарт ирсэн. Сонгууль болсноос хойш нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, үүнийг нь нэгтгэн Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой. Аудитын газар тайланг хүлээж авснаас хойш 90 хоногийн дотор аудит хийж баталгаажуулна. Хэрэв хэтэрсэн тохиолдолд тооцох хариуцлагыг хуульд нарийвчлан тусгасан. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах зэрэг хариуцлага бий.

-Нам, эвслээс зарцуулах зардалд нэр дэвшигчийн зардлыг нэмж тооцох уу? Нийт зардлыг хэрхэн гаргах вэ?

-Үгүй. Энэ хоёр зардал бол тус тусдаа байх ёстой. Тайланг ч мөн нэр дэвшигчид өөрсдөө тусад нь гаргана. Өөрөө хэдэн төгрөг гаргасан, хэдэн төгрөгийн хандив хаанаас, хэнээс авсан гэх зэргээр. Харин нам, эвслийн зардлыг намууд өөрсдөө гаргана.

-Сонгуулийн зардалд зарцуулах хандивын хувьд ямар зохицуулалт хийх вэ?  

-Сонгуулийн хандив нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна. Мөнгөн хандив нь иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байх ёстой. Хандив өгөхийг хориглосон этгээд гэж бий. Үүнд, гадаад улс буюу гадааддын байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн байгууллага орно. Мөн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд, байгууллагаас хандив авахыг хориглоно.

Хэрэв дээрх байгууллагуудаас хандив авсан нь тогтоогдвол тухайн хандивыг буцаан шилжүүлж, үүнийгээ мэдээллэх ёстой. Харин хандивыг хүлээн авсан бол тэр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээж авсан хандивыг улсын орлого болгоно.    

-Орон нутгийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг хэзээ тогтоох вэ?

-Хуульд зааснаар Аймаг нийслэл, сум дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90 хоногийн өмнө тогтоох ёстой. Энэ дагуу төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн орон нутгийн аудитын байгууллагууд тогтооно. Орон нутгийн аудитын байгууллагууд судалгаа, тооцоогоо хийгээд эхэлчихсэн байгаа.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ