Дэлхийн хуримтлалын өдрөөр иргэдэд мэдээлэл өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-01 13:46:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн хуримтлалын өдөр 11 дүгээр сарын 2-нд тохиох ажээ.Тус өдрийг тохиолдуулан Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны хамтын ажиллагааны төслийн хүрээнд Хэрхэн хуримтлалтай болох вэ? уулзалт, лекц Залуучууд театртын их танхимд  баасан гарагийн 11.00 цагт  болох гэж байна.


Тус уулзалт лекц нь хуримтлалыг хэрхэн бий болгох, цаашлаад хуримтлалын үр дүнд өрх, гэр, бизнесийн хүрээнд хэрхэн ахиц дэвшил гаргах, ирээдүйд хуримтлалын үр шимээр үүсэх тааламжит нөхцөлүүдийн талаар лекцүүд тавих аж.


Түүнчлэн банкнуудын үйлчилгээг нэг цэгээс авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг иргэдэд өгөх юм. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-ын ЭСЯ-ны хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Кристиан Гласс, Улсын Их Хурлын гишүүн Б. Жавхлан, ХБНГУ-ын Шпаркассэ Банкны Сангийн гүйцэтгэх захирал Никлаус Бергманн, Остпригнитц-Руппины Шпаркассэ банкны ТУЗ-ын дарга Маркус Руйк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн дэд захирал С. Дамдиндорж, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн захирал Х. Батхүү нар хүрэлцэн ирэх аж.


Эдийн засаг хүндхэн байгаа ч иргэн бүр хуримтлалтай болсоноор санхүүгийн хямралд өртөхгүй, цаашлаад санхүүгийн хараат бус байдлыг өөртөө бий болгох боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэлтэй болно гэж Монголбанкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирал Ж.Жавхлан мэдэгдлээ.


Дашрамд 50.000 төгрөгийн хадгаламжийн сертификатыг 25 иргэнд өгч ирсэн хүн бүрт гарын бэлэг гардуулах ажээ.


 



Холбоотой мэдээ