Дорноговийн сурагчид Японд аялав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-01 10:40:52

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг Японы Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны дагуу  ерөнхий боловсролын ахлах ангийн сурлага, урлаг, спортоор шалгарсан шилдэг 25 сурагч гурван багшийн хамт Японы Шизуока мужид 10 дугаар сарын 22-ноос   долоо хоног аяллаа.

Монголын говийн сурагчид Шизуока мужийн Усан ан агнуурын ахлах сургуультай танилцаж хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож, Японы үзэсгэлэнт газрууд болох Фүжи уул, Цагаан утсан хүрхрээ, дэлхийн соёлын өвийн төв, сэлүүрт усан онгоц, газар тариалан судалгааны төв, Мэйжи шоколадны үйлдвэртэй танилцжээ.

Мөн халуун рашаан, аялал жуулчлалын газар, Күнозан сүмтэй танилцсанаас гадна өндөр хөгжилтэй орны соёл, ёс заншил, өв уламжлалаас суралцсан байна. Сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  хүүхдүүд хөгжилтэй орны  ард иргэд хэрхэн аж төрдөг,  үе тэнгийхэн нь хэрхэн сурч боловсорч буйг нүдээр харах, харьцуулах, ирээдүйн мэргэжлээ сонгох, сайн мэргэжилтэн болж улс орноо хөгжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг албаныхан онцолсон юм.
Сурагчдын зардал болох 65 сая төгрөгийг “Дорноговь Их Хөгжил Сан”-гаас 100 хувь ивээн тэтгэсэн байна.  Дорноговь аймаг Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосноос хойш найман жилийн хугацаанд 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалжээ.

Холбоотой мэдээ