ОХУ-БНХАУ-ын худалдаа энэ онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-05 12:08:13
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /TASS/. ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт энэ онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Сергей Приходько мэдэгдээд, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 5-7-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөсөн байгааг дурдлаа.


“Хоёр улсын худалдааны эргэлт тогтмол өссөөр байна. Өнгөрсөн жил хоёр улсын худалдаа 30 орчим хувиар өсч 87 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний саруудын статистик мэдээллээс харахад хоёр улсын худалдаа дахин өсөх хандлагатай бөгөөд оны эцсээр худалдаа 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэж тэрбээр мэдэгджээ.


Эрчим хүчний нийлүүлэлт


ОХУ-БНХАУ-ын төлөөлөгчдийн хооронд удахгүй болох уулзалтын гол сэдэв нь эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа байх болно. 2017 онд ОХУ нь БНХАУ-ын хамгийн том нефть нийлүүлэгч орон болсон билээ. ОХУ-аас БНХАУ руу хийж буй нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил хэрэгжиж байгаагийн зэрэгцээ байгалийн хийн хоолой тавих ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.


Үүний зэрэгцээ ОХУ-ын Ямалийн хойгт шингэрүүлсэн нефтийн хийн үйлдвэр барих төсөлд БНХАУ идэвхтэй оролцож байна. Тус үйлдвэрийн эхний хэсэг нээлтээ хийж, шингэрүүлсэн нефтийн хийн тогтмол нийлүүлэлтийн тухай урт хугацааны гэрээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.


Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа


ОХУ, БНХАУ нь цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад өргөн хүрээтэй хамтран ажилладаг билээ. Энэ салбар дахь хамтын ажиллагааны талаар Дмитрий Медведевийн айлчлалын үеэр мөн хэлэлцэхээр тохирсон байна.


Өнгөрсөн долдугаар сарын 8-нд хоёр улс цөмийн эрчим хүний салбар дахь хамтын ажиллагааны долоон баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Үүнд Тяньваний цөмийн эрчим хүчний станцын долоо болон наймдугаар нэгжийн бүтээн байгуулалтын гэрээ, БНХАУ-ын шинэ байгууламжид “VVER-1000” усан цахилгаан станцын реакторууд барих гэрээ, Хятадад “CFR-600” нейтроны реактор барих Засгийн газар хоорондын гэрээ багтаж байна.


“Эдгээр гэрээг хэрэгжүүлж эхэлснээр хоёр улсын цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны урт хугацааны суурийг тавьж, үр ашигтай түншлэлийг бий болгох юм” гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.


Хамтарсан төслүүд


ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдэлдээ БНХАУ-тай хамтарсан нисэхийн салбар дахь төслүүд хэрэгжүүлэх тухай дурдав. Үүний зэрэгцээ хоёр улс хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа ажээ. ОХУ-ын үр тарианы экспортод зарим нэг саад тотгор байгааг арилгах тал дээр тус улс мөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ