Нийслэлийн 9 дүүргийн 30 мянга орчим гэрэлтүүлгийн шон ажиллахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-05 17:40:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын дарга С.Батболдын дэвшүүлж буй  "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аян хэрэгжиж эхлэв. Аяны хүрээнд хотын гэрэлтүүлгийг 3 дахин нэмэх зорилт тавих юм.

“Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр мэдээлэл өгөв.

Хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61 мянга нь ажиллаж байна. Улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэх компаниар хийлгэж баталгаат хугацаанд нь хариуцах эзэн байхгүйн улмаас гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй байна. 

Тухайлбал, наадамчдын замд НАЗХГ-ын захиалгаар баригдсан замын гэрэлтүүлгийн шонд баталгаат хугацаанд засвар хийгдээгүй. Мөн зуслангийн зам, Дамбадаржаа зэрэг алслагдсан замуудад ч гэрэл асалтын засвар, үйлчилгээний хүндрэлүүд гарч байна” гэлээ.

Тиймээс “Гэрэлтэй хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн шонгийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм. Ирэх 12 дугаар сарын 1-н гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61 мянган гэрлийн шонгийн 1600засвар арчлалт хийнэ. Төв 6 дүүргийн гэр хорооллын гудамж замд 31643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байдаг. Үүнээс асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэнэ хэмээн мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ,НЗД-ын энэ оны А/1008 тоот захирамж”- ийн дагуу  иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, “Нэг хот, нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн асалт, ашиглалт, үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болж байна. Мөн энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлж, гэрэлтүүлэггүй гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх мэдээллийг иргэдээс авч яаралтай, шуурхай арга хэмжээ авна гэв.

Өвлийн цагт эрт харанхуй болоход гол төв замын гэрэлтүүлэг нэгдсэн байдлаар асдаг ч алслагдсан дүүргийн зам, гудамж талбайн гэрэлтүүлэг асах хуваарь харилцан адилгүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн албанаас гэрэл асах хуваарийг нэгтгэн батлах, хяналт тавих үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Цаашид ирэх 2020 он хүртэл нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундах, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг нэмэх, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болох талаар санал гарган танилцуулах аж.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ