Ёс зүйн доройтолд орсон улстөрчдөд хууль үйлчлэх үү.

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-11-14 11:00:18

Уучлаарай гэнэ үү. Харин хэнийг юуны учир яагаад,  хэн уучлах болов. Яг ямар тохиолдолд энэ үгийг хэрэглэвэл зохилтой талаар мэргэжлийн хүмүүс нэгийг хэлэх биз. Харин толь бичигт өршөөл эрсэн хэллэг гэж тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр ямар хүн яагаад өршөөл эрх болсон талаар авч үзэх хэрэгтэй болов бололтой. Хувь хүний хувьд бусдаас уучлал гуйж болох л доо. Тухайлбал олны газар танихгүй хүний өсгий, өлмийг тэнэгээсээ болж гишгэвэл уурлаарай гэж хэлээд найрсгаар хандан гарыг нь атгаж болох юм. Сайхан  хүний гарыг атгах  тийм ч муухай байхгүй нь олгомжтой. Бас тэр алдаа цаашдын үерхлийн эхлэл болж болно шүү дээ. Хүн хоорондын харилцаанд гарч байгаа үйл явдалын талаар цухас дурьдхад  байна.


Гэтэл  сонгогчдын итгэлийг хүлээж парламентад сонгогдсон гишүүд уучлаарай гэдэг үгийг хэрэглэх хэв шинж ажиглагдах боллоо. Зарим төрийн түшээд  энэ нэр томъёог хэрэглэхгүй гэж мэдэгдэж байх юм.  Хэрэглэх ,  хэрэглэхгүй нь тэдний асуудал байж болно. Хэрэглэсэнч иргэд, сонгочид уучлахгүй гэвэл яах вэ, гэдэг асуулт гарч ирхийг тэд тооцоогүй бололтой. Босч ирсэн асуудлын гол нь энд  байгаа юм биш үү гэлтэй.


Төрийн түшээд уучлал гуйх тухай яриа ЖДҮ сангийн зээлтэй холбогдож гарч ирсэн юм. Уг сангийн зориулалт нь  ажил хийж амьдарлаа авч явах гэсэн өрхийн үйлдвэрлэгч нарт зориулагдсан гэх ойлголт өгсөн боловч ЖДҮ гэдгээ  баримт бичигт өөр байдлаар тодорхойлсон байх юм. ЖДҮ эрхэлэгч аж ахуйн нэгжийг хэдэн янзаар тодорхойлжээ. Түүний нэгдүгээрт  “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс доошгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн борлуултын орлоготой бол ЖДҮ эрхлэгч” гэжээ. Түүний хоёрдугаарт “бөөний худалдаа эрхлэдэг аж ахуйн нэгж иргэний хувьд гэрээгээр ажиллагсдын тоо нь 149- өөс  дээшгүй байх бөгөөд борлуулалт нь 1,5 тэрбум төгрөг хүртэл байх ёстой” гэжээ. Ингээд цаашаа  жижиглэн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэгч гэж оруулаад үзүүлэлтийг буруулсан байх юм. Харин төгсгөлд нь гэрээгээр ажиллагчдын тоо нь есөөс дээшгүй жилийн борлуулатын орлого нь 250 сая байх хэрэгтэй гэж хэлсэн байх юм.  


Тэгвэл судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 80 хувьд нь 10 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байдаг гэж эдийн засагч Т. Доржханд хэлжээ. Харин өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд  дээд тал нь 100-200 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь ЖДҮ сангаас зээл авагч төрийн түшээдийн хувьд доод тал нь 950 сая төгрөг, тэгээд л тэрбум төгрөгөөс дээш яригдаж байна. Төрийн түшээд ийм хэмжээний зээл авч байгаа байдал нь санаандгүй үйлдлээс болж олон нийтэд ил болсон бололтой. Тэр нь шинэ сайд баг бүрдүүлэх нэрэн дор шинэ хүн ажилд авч, хуучин  хүмүүсийг нь ажилгүй болгодог  жишгээс гарсан гэх юм. Ажлаасаа халагдсан сайн эр тэднийг илчилжээ. Манайханд  албан тушаалтайгаа, ширээтэйгээ эхээс төрсөн мэт аашилдаг муу зуршил байдаг. Тэр авир ариншин энд гарч иржээ гэсэн ойлголт хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдээс харагдах юм. Хамарсалтай нь тэр эрхэмийг  ажлаас нь халаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх  магадлал маш өндөр байсан юм биш үү. Энд хууль дүрэм гэж том нэр барьж худлаа “ бүлтрээд” хэрэггүй. Харин улстөрчид, УИХ-ын гишүүдийн ёс  зүйн талаар эхний ээлжинд сөхөх хэрэгтэй болов уу.


Нэг улстөрчийн авсан зээл 100 ЖДҮ эрхлэгчид олгох боломжтой зээл байжээ. УИХ-ын гишүүдийн 49 хувь нь тус сангаас зээл авсан гэж үзвэл 380 өрхөд 10, 10 сая төгрөгийн зээл олгогдож үйлдвэрлэгч өрхүүд , дээл гутал оёж амьдрал ахуйгаа дээш татах байжээ. Ийм хэмжээний мөнгөөр гараа угаасан улстөрчид зөвхөн өршөөл хүсээд л болно гэж үү. Харин ч үйл явдал илчлэгдэж өөрсдөө холбогдолтой болох нь тэдний бусдаас уучлал гуйж байгаа байдлаас илэрч байна бус уу. Энэ байр суурин дээрээс авч үзвэл ЖДҮ-ийн сангаас зээл авсан улстөрчид зөвхөн уучлал гуйснаар хязгаарлагдах зүйл биш бололтой.


Гэтэл МАН-ын дарга Ерөнхий сайд У. Хүрэлсүх тэднийг сангаас авсан зээлээ эргүүлж төлөөд уучлал гуй гэсэн шаардлага тавьж байх юм. Тэднийг ийм алхам хийгээгүй тохиолдолд улс төрийн карерьт нь цэг хатгана гэж мэдэгдэж байна. Ерөнхий сайд уг нь тэднийг ЖДҮ-ийн сангаас зээл авхаас нь өмнө энэ үгээ хэлсэн бол үнэ цэнэтэй байх байлаа. Харамсалтай нь түүний хэлсэн үг “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг үгийг санагдуулаж байх юм. Ялгаагүй уучлал гуйх эрхэм улстөрчид ч гэсэн ЖДҮ- ийн сангаас зээл авахаасаа өмнө сонгогчдоосоо “таньд очих зээлийг би авна. Та нар уучлайрай” гэж хэлсэн бол хүний чихэнд наалдацтай сонсогдох байсан биз. Болсон явдлын эргэн тойрныг авч үзэхээр манай улстөрчдийн ёс зүй ямар их доор орсон болох нь харагдаж байна. Ёс зүйн доройтолд орсон улстөрчдөд хууль, эрх зүй үйлчлэхгүй бололтой.   Г. Эрдэнэбат

 

Холбоотой мэдээ