Японы Ерөнхий сайд найрамдлын гэрээтэй холбоотой асуудлыг Путинтай хамт шийдэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-14 12:19:53
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлыг шийдэхэд бэлэн байна. Энэ тухай Японы Засгийн газрын тэргүүн өөрөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийх ёстой Сингапур руу нисэхийн өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Найрамдлын гэрээ байгуулах асуудлыг Ерөнхийлөгч Владимир Путины хамт шийдэхэд бэлэн байгаа бөгөөд энэ асуудлаарх хэлэлцээний явцыг эрчимтэй урагш ахиулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Kyodo” агентлаг уламжилсан байна.

Шинзо Абэ Оросын удирдагчтай уулзахдаа 2019 онд суурь гэрээнд гарын үсэг зурахын тулд газар нутгийн маргаантай асуудлаарх хэлэлцээг түргэтгэх саналыг тавихаар төлөвлөж байна гэж Японы “Mainichi” сонины өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн дугаарт засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээ байгуулах саналыг Путин Зүүн Азийн эдийн засгийн форумын үеэр тавьсан билээ. Оросын удирдагчийн үзэж буйгаар, ийм гэрээ байгуулах нь хоёр орны хоорондох итгэлцлийн түвшнийг дээшлүүлж, газар нутгийн маргааныг шийдэх асуудлыг түргэтгэнэ. Гэвч Абэ газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр найрамдлын гэрээ байгуулах боломжгүй гэж сүүлд мэдэгдсэн.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараах найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг Москва болон Токио өнгөрсөн зууны дунд үеэс хойш хийж байгаа юм. Энэ гэрээг байгуулахад учирч буй гол саад тотгор нь Курилын бүлэг арлын өмнөд хэсгийн харьяаллын тухай асуудал билээ. Курилын бүлэг арлыг 1945 онд бүхэлд нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан боловч Японы тал Итурупа, Кунашира, Шикотана болон япончуудын Хабомаи гэж нэрлэдэг одоо хүн оршин суудаггүй хэсэг арлыг өөрийн улсын газар нутаг хэмээн маргалдсаар байгаа юм.
Холбоотой мэдээ